Saturday, July 14, 2012

Марвел Студи шино кинонуудаа задаллаа

Комик кон дээр Marvel өөрийн кино ертөнц дэхь 4н шинэ болон үргэлжлэл бүтээлийг албан ёсоор задаллаа. 

Thor: The Dark World 
Captain America: The Winter Solider.
Guardians of The Galaxy
The Ant Man

Marfvel

Америк ахмадын маань үргэлжлэл олон кино сонирхогчдыг баярлуулах нь гарцаагүй. Учир нь энэ бол Ахмадын Дэлхийн 2 дугаар дайны үеийн чухал түүхийг задлах бөгөөд Winter Soldier хэмээх комик арк аас сэдэвлэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл үхсэн гэж ойлгогдсон Backey Barnes эргэн гарч ирэх болно, харин Winter Soldier хэмээх төсөлд орж цоо шинэ хүн болсон байх ба... Спойлордоод яахав, комик уншдаг бол гадарлаж байгаа байх.

Guardians of the Galaxy бол Марвелийн маш өргөн ертөнцөд явагдах ертөнцийг хамгаалагчдийн түүх бөгөөд , бүхий л ертөнцөөс сонгогдсон харийн баатруудын нэгдэл жижиг гаригийн мөргөлдөөнөөс эхлээд Thanos той энэ тэнцэхүйц хүчирхэг дайснуудаас галактик хамгаалах болно, Үүнд мэдээж дэлхийн баатрууд маань оролцох нь дамжиггүй.

Мөн Ant-Man ий киноны хэсгээс footage харуулсан байна, өөр мэдээлэл алга.

Thor ийн хувьд харанхуй л байна одоогоор.

Энэ 4н киногоор мэдээж зогсохгүй , Nick Fury, Luke Cage гэх мэт соло баатруудын кинонууд ч хийгдэж болзошгүй байна.

Ерөнхийд нь базаад харвал Марвелийн ертөнц кино ертөнцийг доргиож маш хүчтэй тэлэх нь тодорхой боллоо, энэ том Marvel Galaxy дахь бүх зүйлийг ойлгож кайф авч үзэх нь тун төвөгтэй, Тиймээс та марвелийн фэн бол баатруудын Үүсэл түүх холбогдох комикийг уншиж мэдлэгээ зузаатгаж бэлтгэлээ хийгээрэй!

Кино урлаг мандтугай ирэх жилүүд Марвелийн фэнүүдийн хувьд сэтгэл хөдөлгөж, нүд баясгаж цус хөөргөсөн сайхан үе байхнээ.

Бичсэн: Ганхуягын Болдбаатар 

Mongolia Movie Fanatics Group

Saturday, May 12, 2012

"Улаанбаатар кино" наадам

Монголын үндэсний кино урлагийн акедамаас хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа "Улаанбаатар кино" наадам өчигдөр Улсын Драмын театрт болж өнгөрлөө. Кино урлагийн салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг үзэгчдэд таниулсан “Улаанбаатар” кино наадам шилдгүүдээ 18 номинациар шалгарууллаа.

Шилдэг хөрөнгө оруулагч : Хөх толбот киноны Равданжамц
Шилдэг дүрсний эффикт: Нэг биений 2 зүрх киноны Тансаг
Шилдэг нүүр будалт: Хүний хүүхэд киноны Шүрээ, Дагирмаа
Шилдэг дууны найруулагч: Бодлын хулгайч киноны Баттуваа
Шилдэг дуу: Хүний хүүхэд киноны Дашдондог
Шилдэг эмэгтэй туслах дүр: Бодлын хулгайч киноны Дэлгэржаргал
Шилдэг эрэгтэй туслах дүр: Богд хаан киноны Цэрэнболд
Шилдэг хөгжим: Богд хаан киноны Жанцанноров
Шилдэг зураглаач: Бодлын хулгайч киноны Ангараг
Шилдэг зураач: 7 бурхан харвадаггүй киноны Цог
Шилдэг баримтат кино: Дөрвөн бүлэгт амьдрал киноны Батбаатар
Шилдэг дэбют : Орлон тоглогч киноны Хангарьд
Шилдэг монтаж: 7 бурхан харвадаггүй киноны Мөнхбат
Шилдэг зохиол: Бодлын хулгайч киноны Төрмөнх
Шилдэг найруулагч: Хөх толбот хүмүүс киноны Доржсүрэн
Шилдэг эрэгтэй гол дүр: Бодлын хулгайч киноны Амарсайхан
Монголын кино урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн: Мандухай Сэцэн хатан киноны найруулагч Балжинням
Шилдгийн шилдэг кино: Бодлын хулгайч

Friday, April 6, 2012

Долоон бурхан харвадаггүй - Кино Тойм

Нэг удаа надад "Долоон бурхан харвадаггүй" киноны найруулагч болон Монголын кино сонирхогчидтой хамт суун уг киног шимтэн үзэх мөн түүнчлэн киноны өмнө болон дараа нь уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэх боломж олдсон юм.

7
Уг кино анхны долоогийн тухай түүхэн уран сайхны кино гэж ойлгох нь зөв. Кино нийт 143 минут үргэлжлэх бөгөөд үзэж суусан миний хувьд киног баримтат киногоор хийсэн бол илүү сайн болох байсан болов уу гэсэн бодол төрж байсан.Энэ талаар найруулагчаас асуухад " ... Миний хувьд найруулагчаар ажиллаж байгаа анхны бүтээл юм.Учир дутагдалтай зүйл байсныг үгүйсгэхгүй ..." хэмээж байсан.Кинонд тоглосон гол дүрүүдийн сонголтыг өөлөх зүйлгүй сайн хийсэн байлаа. Найруулагч ч гэсэн "... дүр сонголт дээр бид их анхаарсан.Их бодож байж дүрүүдийг хуваарилсан" гэж байсан.

Зарим үед гол дүрүүдийг анхааралтай харвал амьдрал дээрхи дүр төрх нь үнэхээр мөн юм шиг санагдаж байсан юм.Хэдийгээр зургийг нь харж байсан ч.Дүр бүхэн өөрсдийн төрхийг бүрэн дүүрэн илэрхийлж байсан бөгөөд энд нүүр хувиргалтын багийг сайшаах нь зүйтэй.Ядарсан,цонхигор гээд л орчинд нь уусгаж нүүр хувиргалт хийж үнэхээр чадсан байлаа. Киног чимж байсан бас нэг зүйл бол "ая"-нууд байлаа.Үзэгдэл бүрт тохирсон аялгуу эгшиглэх бөгөөд хамгийн гайхалтай тохирсон аялгуу нь, Эрхүү хотод сурахаар үлдсэн Чойбалсан тариан талбай дундуур алхах үед "Ой, да не вечер" дууг сонгосон нь Орос үндэстний амьдрал нүдэнд төсөөлөгдөж байсан бол Догсом насан эцэслэх үед Монгол аялгуу эгшиглэн дуулж эхлэх бөгөөд дээлээ өмсөн талд морьтой явсаар Сүхбаатар, Чойбалсан, Чагдаржав, Бодоо, Лосол, Данзан нартай нийлэх энэхэн мөчид Монгол хүн морин дэлэн дээр төрж, морин дэлэн дээр төрөлх нутгийнхаа үзэсгэлэн гоог бахдан өөд болдог гэсэн үг бодогдож байлаа.

Монгол кино бүрт түгээмэл тохиолддог бараг номер нэг гэмээр болсон алдаа бол олныг хамарсан үзэгдэл юм.Дэлгэцийн нэг талд гол дүрүүд үхэл амьдралын зааг дээр тулалдаж, тэмцэж байхад цаана нь дэмий сэлгүүцэн алхах нэгэн дүр хэд хэдэн удаа харагдлаа.Энэ байдал нь Хиагт хотын тулаан дээр илүү тод харагдаж байлаа.Найруулагч "... мэдээж цэргийн зөвлөх кинонд байсан." гэж байсан ч тулаан болоод зэр зэвсэг нь зарим талаар киноны утгыг алдагдуулсан мэт. Хиагт хотын тулаанд их бууны тийрэлт, револьвер бууны оронд маузер, сууринд шатан суунаглах утаа гурав зэрэг зүйлс байлаа. Гэхдээ эдгээр нь алхам тутам хөгжиж буй монголын кино урлагт байх өчүүхэн алдааны нэг юм.

Хасалт хийгээгүй анхны хувилбараар кино нийт 240 минут болж байсан гэж найруулагч бидэнтэй хууч хөөрсөн юм. Магадгүй кино ДВД форматаар гарах цагт бүрэн эхээр нь дахин үзэж харьцуулах боломжтой болох бизээ.

Киногоо үзэж дуусах мөчид нэг зүйл эргэлзээтэй үлдлээ. Хиагт хотын тулаан ухран зугатаж байсан цэргийг тосож байлдсан дөрөвдүгээр хороо бут цохигдлоо, нэг ч хүн амьд үлдсэнгүй гэж Гарам Сүхбаатарт хэлсэн боловч, уг тулаанд 17 настай тулалдаж байсан Шагдар Намын Төв Хорооны Нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Чойбалсангийн туслах болсон байхыг анзаарлаа. Энэ талаар найруулагчаас асуухад "... 4000 гаран Гамингийн эсрэг 400 Монгол цэрэг байлдсан.Энэ тулаанд олон хүнээ алдсан ч, Гамингийн цэргийг хэсэгчлэн бүлэглэн устгаж сүүлийн 800 цэргийн Говь-Алтай-д бүсэлж устгасан." хэмээв.

Сүүлийн хориод жилийн турш Монголын кино урлагт бүтээгдсэн түүхэн кинонууд хуруу дарам цөөн байгаа билээ.Бид хэдий түүхээрээ бахархах боловч түүхээ тийм ч сайн мэдэхгүй байгаа билээ. Магадгүй цаг ирэх тутам түүх, соёлоо бага багаар мартагнаж байгаа ч юм бил үү? Миний өмнө нь уншиж байгаагүй түүхэн үйл явдлууд уг кинонд гарсаныг олзуурхан үзлээ.

"Өнгөрсөн үеэ мэдэхгүйгээр, Ирээдүйгээ төсөөлөх аргагүй ..." /Инжинаш/

"Кино хүнийг бий болгодоггүй, Кино хүнийг хагжүүлдэг"

Эх сурвалж: Монголын Кино Сонирхогч, Шүүмжлэгчдийн холбоо - Билгүүн

Wednesday, March 21, 2012

"Бурхан Өршөөг" үзэгчдийн сэтгэгдэл, дүгнэлт, кино тойм

Бурхан Өршөөг киног Монголын кино сонирхогч, Шүүмжлэгчдийн холбоо болон Монголын Кино Сонирхогчид бүлгэмийн залуус хамтдаа үзэцгээж , найруулагч Батболдтой нээлттэй ярилцан нэгэн өдрийг өнгөрөөсөн ба, киног үзсэн залуус маань өөрсдийн сэтгэгдэлээ ил тод шүүмжээ өөрийнхөөрөө ийн буулгажээ:
423772_282546015152193_100001903915164_664616_1244632943_n
Билгүүн: Найруулагч З.Батболдын 90 минут үргэлжлэх "Бурхан өршөөг" кино дэлгэцнээ амилаад удаагүй байгаа билээ.Ингээд киног үзэж амжаагүй байгаа болон үзэхээр төлөвлөж байгаа кино сонирхогч үзэгч та бүхэнд уг киноны товч танилцуулгыг,өөрт төрсөн сэтгэгдлийн хамт тоймлон хүргэе. Гол дүрүүдийг Ц.Төмөрбаатар /Сундуй/, М.Баярмагнай /Цэнгэл/, Б.Хулан /Цацрал/, Г.Эрдэнэбилэг /Мөнхсайхан/ нар бүтээж,туслах дүрүүдэд Н.Ялалт, Х.Бат-Ундрал, Ц.Цэрэнболд /Дэлгэр/ ,Ш.Жавхлан нар бүтээсэн байна.  Киноны эхэн хэсэгт Цэлмэг өөрийн амьдралын сүүлийн дөрөв хоногт тохиолдсон үйл явдлуудыг бодож байгаагаар эхлэх бөгөөд Мөнхсайхантай кароакед тааралдсанаар киноны үйл явдлууд эхлэнэ.Ийнхүү Цэлмэгийн амьдралын эрээн бараантай дөрөв хоног өрнөх болно.  Дүр сонголт нь сайн болсонг энд дурдахгүй байхын аргагүй.Жүжигчин Төмөрбаатар, Эрдэнэбилэг, Ялалт нар дүрээ сайн бүтээсэн ба орчиндоо тохирсон нүүрний хувиралт,биеийн хөдөлгөөнүүд нь дүрүүдийг сайн тодотгож өгч байлаа.Кинонд ажил хэрэгч,нийтэч,хөдөлмөрч төрхийг Сундуй цогцлоож чадсан бөгөөд сэтгэлийн хөөрөлөө хэрхэн гаргахыг төрийн соёрхолт МУСТА Ц.Төмөрбаатар сайн гаргасан бол оньсого мэт нуугдмал хирнээ ажил хэрэгч төрхийг Мөнхсайхан маш сайн бүтээсэн байлаа.МУСТА Г.Эрдэнэбилэг өөрийн дүрийг сайн мэдэрч жүжиглэж байсан нь ажиглагдаж байлаа.Цэнгэлийн дүр надад яагаад ч юм Форрест Гампыг санагдууллаа.Аливаад өөрийнхөөрөө ханддаг бөгөөд бусдын хэлсэнийг шууд хүлээж авдаг дүрийг МУСТА М.Баярмагнай энгийн хирнээ үзэгдэл бүрт тохирсон жүжиглэлтийг гаргасан нь тэгэж санагдахад хүргэсэн ч байж магадгүй юм. Киноны гол зангилаа болсон МУСТА Н.Ялалтын дүр киног илүү амьд болгож өгч байлаа. Хувийн үзэл бодол хийгээд аливааг эргэцүүлсэн асуулт,түүндээ өгч байгаа хариултууд нь киноны гол утгууд оршиж байгаа нь мэдэгдэж байсан.Жүжигчин Жавхлангийн хөгжилтэй инээд,жүжигчин Ялалтын нэгийг бодогдуулсан асуултууд, жүжигчин Ц.Цэрэнболдын ширүүн харц гээд л кинонд тоглосон бүхий л жүжигчидийн сэтгэл шингэж дүрүүд амилсан нь харагдаж байлаа.  Кинон дундуур явах ая хийгээд чимээнүүд тухай бүрийн үзэгдлүүдэд сайн тохирсон байлаа. Цэнгэлийн эхнэр уурлан хашгичих,машин хөдлөөд явах үеийн түгшүүртэй чимээ гэх мэтчилэн үзэгчидийг үйл хөдлөлөөс гадна аяараа кинонд бүрэн дагуулж орж байсан явдал юм.  Монгол кинонд нийтлэг ажигллагддаг алдаа уг киног ч тойрсонгүй харагдаж байлаа.Энэ бол олныг хамарсан үзэгдэл юм.Цацралын концерт тоглохын өмнөх болон дараах үзэгдлүүдэд олон хүмүүс байх бөгөөд тэд бүгдээрээ тойрог үүсгэн зогсох агаад ярилцах гэхээсээ илүүтэйгээр бие биенээ ширтэн зогсож харагдлаа.Мөнтүүнчлэн гудамжинд зөрөх хүмүүс нэг л тийшээ ширтэж эсвэл зарим хэсэгт явган зорчигч үл харагдах аж.Киноны дүрс нилээд бүрзгэр харагдаж байснаас гадна зарим дүрсүүд харанхуй байсныг энд өгүүлэхгүй өнгөрч болохгүй. Үзэгчидийг кинон дундуур нойрыг нь хүргэхэд хүргэдэг зүйл бол нуршсан байдал."Бурхан өршөөг" кинон дээр ч энэ байдал бага зэрэг ажиглагдлаа.Цөөн үзэгдэлд хариулт нь ойлгомжтой болсон хирнээ цааш үргэлжлэх нь киног хоёр хэсэгтэй болох вий дээ гэсэн бодол зурсхан ороход хүргэлээ.Сүүлийн үед кинонд их тохиолдох болсон бас сонин үзэгдэл бол кинон дундуур ямарнэгэн бүтээгдэхүүнийг план дүүрэн эсвэл удаанаар олон дахин давталттай гаргах явдал. Тухайн нэг бүтэгдэхүүнийг орчинд нь багтааж эсвэл яриан дундуур танилцуулах замаар хийвэл их зүгээр юм шиг санагдах юм.  Найруулагч үзэгчидэд бид өнгөрсөнөө мартаж,өнөөдрөөр амьдарч, ирээдүй өөд тэмүүлэхгүй байна гэсэн санааг өгөх гэж уг киног бүтээсэн болов уу гэж бодлоо. Уг киног үзэн сууж байхад Н.Ялалтын хэлсэн нэг ишлэл их таалагдсан юм."Тусгаар тогтнол, эрх чөлөө,ардчилал гэж юу вэ?Аав руугаа гар далайх гэж үү,биш.Ээж рүүгээ зандчих гэж үү,биш. Бусдыг хараан доромжлох гэж үү,биш.Тусгаар тогтнол, эрх чөлөө,ардчилал гэж юу вэ?".Бид үүргээ ухамсарлан,эрхээ эдэлж бусдын амьдралын хүрээнд халдахгүй өөрийн амьдралын хүрээг цогцлоох нь ардчилал биш гэж үү?  Ингээд хувийн дүгнэлтээ 7/10 гэж өглөө.  "Кино хүнийг бий болгодоггүй,Кино хүнийг хөгжүүлдэг"   Билгүүн А. “Бурхан өршөөг” УСКино нь Чеховийн Түшмэлийн үхэл зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн Батболд найруулагчийн эмгэнэлт инээдмийн кино юм. Кинонд Цэлмэг гэх хулчгар, бялдууч зантай хүн хэрхэн дарга суудлын төлөө үхэн хатан зүтгэх эмгэнэлт нэгэн дүр зургийг инээдэмтэй хослуулан үзүүлэх болно. Эмгэнэлт Инээдэм гэдэг нь бодит эмгэнэлтэй зүйлийг хошин байдлаар олон нийтэд үзүүлэх киноны нэгэн төрөл байдаг ба ихэнх тохиолдолд нийгэмд гарч буй асуудлыг хөндсөн кинонууд байдаг. Харин Бурхан өршөөг энэхүү талаа сайн гаргасан байсан бөгөөд магадгүй Монголд хамгийн анхдагч байхыг үгүйсгэхгүй. Харин зарим хүмүүс магадгүй цэвэр комеди үзэх гэж байгаа бол зүглээд хэрэггүй байх.  Киноны хамгийн чухал зүйл нь “санаа” байсан ба уг киногоороо найруулагч нь өнөөгийн залуучуудад цаашид хэрхэн нийгэмшиж, улс төрийн цаагуур ямар булхай явдаг, хамгийн чухал зүйл болох Ардчилал гэж юу болох хүмүүс юу хийх эрхтэйг ойлгуулахыг хүссэн боловуу. Үүнийгээ нийгмийн эрс тэс 2 өөр давхаргын гуйлгачин, сайд гэсэн 2 хүнээр илэрхийлсэн нь үнэхээр авууштай таалагдсан зүйл байлаа. Жүжигчидийн баг үнэхээр сайн байсныг хэлэх хэрэгтэй ба Баярмагнай тэр тусмаа увайгүй бялдууч, хулчгар хүнд дэндүү сайн зохицсноос гадна Төмөрбаатар гуай, Ялалт жүжигчид өөрсдийн үүргийг хангалттай сайн биелүүлсэн гэж бодлоо. Киноны зураг авалтын хувьд эрүүлжүүлэх, театр доторх хэсэг үнэхээр таалагдсан бөгөөд хувийн зүгээс харсан зүйл маань гэрэлтүүлэгчийн бээлийнээс гарсан тоосийг камер дагаж явсаар Цэлмэг дээр очсон бол улам илүү байх байсан. Кинонд сөрөг сэтгэгдэл төрсөн зүйл бол гэрэлтүүлэг их харанхуй талдаа байснаас зарим хэсгийн жүжигчидийн нүүр хувирлыг харахад хэцүү байсан. Мөн ерөнхийдөө нуршуу санагдсан хэсгүүд нэлээдгүй байсан бөгөөд хэрэггүй анхнаасаа байхгүй байсан ч болохоор дүрүүд нэлээд ажиглагдсан. Сүүлийн үед гарч байгаа кинонуудад ажиглагдах нийтлэг дутагдалтай тал нь кинон дундуур үзэгдэх бараа бүтээгдэхүүний реклам байдаг бөгөөд Бурхан Өршөөг киног тойрч биш дайрч гарсан харагдсан. Гэхдээ бусад кинонуудыг бодоход харьцангуй гайгүй байсан ба Production хөгжөөгүй болохоор одоохондоо ойлгож болох.  Энгийн сонирхогч хүний нүдээр дүгнэхэд 10-аас 8 оноо өглөө. Энэ оны заавал үзэх Монгол кинонуудын нэг!   Батзаяа Баярсайхан. Бурхан өршөөг Ардчилал гэж хүн бүр хүссэнээрээ, дураараа, хэн юу гэх нь хамаагүй, хүссэн дуртай зүйлээ хийгээд явах тийм замбараагүй зүйл үү ?  Уг асуултын хариултыг “Бурхан өршөөг” киноны гол дүр Цэлмэгт тохиолдож буй үйл явдлаас олж авч чадах болов уу. Жүжигчин Баярмагнайн бүтээсэн Цэлмэг бол ямар нэгэн даргын тушаалд суухыг сайхан амьдрал гэж бодож, хий хоосон хэнээрхэлд автаж, дээд албан тушаалтнуудын улыг долоох шахам өдөр хоногийг өнгөрүүлдэг нэгэн. Ямар ч хүн эрх мэдэл, албан тушаалын өмнө хүчин мөхөсддөг. Тиймээс ч хүмүүс тэр эрх мэдэл, албан тушаал гэх зүйл рүү улайран тэмцдэг. Харин ингэж явах явцдаа ямар их зүйлээ алдаж байгаагаа тэр хүн мэддэггүй. Үүний адил Цэлмэг ч гэсэн албан тушаалын хэнээрхэлээс болж ямар их зүйл алдсанаа эцэст нь ойлгоно. Гэхдээ үхэхийнхээ өмнө.  Киноны үйл явдлыг нээх нуршаад яахав, угаасаа кино бүтээгчдийн зорьсон санаа, хэлэх гэсэн “мэссэж” нь өнөөгийн Монголын нийгэм тэр дундаа улс төрийн хүрээний албан тушаалд шунасан, ашиг хонжоо хайгчдыг шүүмжлэх байлаа.  Тэрийгээ ч чадварлаг жүжигчдийн багийн тусламжтайгаар хангалттай сайн гаргаж чадсан гэж бодож байна.  Сайны хажуугаар саар гэгчээр хэлэхэд киноны гэрэлтүүлэг зарим хэсэг дээр дэндүү хангалтгүй, бараан бүрсгэр талдаа байлаа.  Зарим хэсгийн харилцан яриа дэндүү ойлгомжтой гэмээр өрнөж байсан. Хэсэгхээн гаргаад л болчих хэсгийг дундуу сунжруулж байсан нь залхаах маягтай болсон. Ялангуяа Цацралын хэсгүүд дээр. Цацралын анх гарч ирдэг хэсэг дээр дууны эхэн хэсэг явахад л хангалттай байсан болов уу.  За тэгээд эцэст нь дүгнэхэд нэгэн хэвийн хайр дурлалын сэдэв давамгайлсан энэ үед нийгмийн өөр өнцөг, өөр өнгө төрхийг гаргаж ирсэнд нь кино багийнханд талархууштай.     Хангал Оргил. Монголын өөр dark comedy/эмгэнэлт инээдмийн кино гэвэл миний мэдэхээр бараг алга. Тэгэхээр миний хувьд "Бурхан өршөөг" кино нь анхдагч байлаа. Монголд сүүлийн хэдэн жил ямар олон чанаргүй кино хийж байгаа билээ, тeатруудаар гаргая гээд гарч багтаж шингэхгүй болсон болоогүй кино 100 гарчихаад байна. Харин энэ кино бол тэднээс шал өөр кино юмаа гэдгийг хамгийн түрүүнд хэлэх нь зүй ёcны хэрэг байх. Дараагаар Төмөрбаатар гуайг ярих ёстой. Энэ хүн нөгөө Ардын жүжигчин, томоохон шагналуудаас авах болцон юм биш үү. Энэ кино бол Баярмагнайгийн кино биш,  Төмөрбаатар гуайн кино. Баярмагнайг доошоо хийж байгаа даа биш, Andrew Garfield Social Network-ын гол дүр биш ч, үзэгчдийг яаж гайхалтай авьяасаараа өөртөө татаж чадсан тэрэн шиг, Баярмагнай хичнээн сайн жүжиглээд ч, төрөлхийн "төрцөн" төрийн соёрхолт жүжигчин Төмөрбаатар гуайд дарагдаж байна.  Төмөрбаатар гуай Хүнс хөдөө аж ахуйн яамны Сайдын дүрийг бүтээжээ. Киноны эхэнд Сайдыг "Урдаас" хүнсний ногоо, жимс импортоор оруулж ирдэг компаний захирал импортыг зогсоох хуулиа цуцлаач хэмээн хахуульдах гэж оролдоно. Харин сайд татгалзаж, уг хуулиа ирээдүйн хүүхэд багачуул, улс орныхоо ирээдүйг бодож цааш хуулийн төслөө үргэлжлүүлэхээр болно. Жүжигчин Баярмагнай маань бол Цэлмэг гэх Сайдын гар доорх нэгэн компаньд ажилладаг "Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэн Ботго овогт Гоёoгийн Цэлмэг"-ийн дүрд тогложээ. Энэ киноны дүр болгон өнөөдрийн нийгмийн аль нэг болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжлэх гэсэн дүрүүд байсан. Цэлмэг бол өөрийн гэсэн толгойгүй, хань ижлийнхээ өөдөөс үг хэлэх эрхгүй, эхнэртээ дарлуулсан, дээд албан тушаалтнууддаа "хэт" бялдууч, хүүхэмсэг гэх зэрэг зан чанар, характeрийг өөртөө нэвт шувт шингээсэн дүр болж чаджээ. Жүжигчин Баярмагнайгын киног хөтөлж, хүүрнэн өгүүлж буй хэсгүүд маш шинэлэг байж чадсан. Түүний эхнэрийн дүрийг Mask production-ы залуу жүжигчин бүтээсэн бөгөөд дүрийн тодорхойлолт eрдөө амархан, одоогийн залуусын дунд элбэг тохиолдох "мөнгө, алдар нэр" харсан хүүхний дүр. За нэмээд киног хамгийн ихээр чимсэн дүр бол жүжигчин Ялалтын дүр.  Кинонд сүр оруулах, инээлгэх, уурлуулах, хоёрыг бодогдуулах зэрэг олон зүйлээр киног чимсэн "Эрүүлжүүлэхийн Манлайбаатар", зодог тайлсан боксчины дүр бас л гайхалтай байлаа. Жүжигчид, дүрүүдийг ингэс гээд орхиход болох байх. Юу хэлэх гэсэн юм гэхээр сонгосон жүжигчид тус тусын дүрүүдээ хэнээс ч дутахааргүй, "энэ дүрийг энэ хүнээс өөр хэн ч илүү сайн гаргаж чадахгүй дээ" гэж дотроо бодохоор сайн гаргажээ. Дараачийн ярьвал зохистой зүйл бол Зураг авалт. Монголын кино урлаг хурдацтай хөгжиж байна.  Дундаж санхүүжилттэй Hollywood кинонаас ч дутахааргүй сайн зураг авалт болж чаджээ. Зураглаач болон киноны eрөнхий найруулагч монголын өнөөгийн инээдмийн киноны өнгө аясыг тодорхойлж буй З.Батболд нарт мэхийн ёслох нь зүйтэй. Зарим план дээр адал явдалт кино үзэж байгаа мэт л санагдав. Мэдээж зураг авалт сайхан харагдахад зурган дээр гарч буй жүжигчид, тайз засалт, жижиг сажиг дeталь ч мөн чухал. Нүүр будалт, хувиргалт, costume design маш сайн болсон байна. Дуурийн план одоо хүртэл нүдэнд харагдах шиг ... Хөгжмийн зохиолчоор хэн ажилласаныг харсангүй, гэхдээ монгол кинонуудын дунд дуу,хөгжим нь ингэж их сэтгэл хөдөлгөсөн кино ховор. Киноны зохиол бол Чeховийн "Түшмэлийн үхэл" зохиолын хөрвүүлэлт гэмээр. Орос зохиолыг монголын нийгмийг харуулсан кино болгож хөрвүүлэлт хийнэ гэдэг бас ч гэж тийм амар зүйл биш байсан байх. Тэгэхдээ Онц дүн өгөхөөр сайн зохиол болжээ.  Энэхүү киногоор гол шүүмжлэх гэсэн зүйл бол шударга, үнэнч, улсдаа юм хийe гэсэн хүмүүс нь ховор, харин байгаа хэдийг нь хашаа давуулахгүй хорьчихдог, хээл хахууль нь хэдэн сая доллароор хэмжигддэг болсон, хүн чанар, хүний мөс гэж зүйл бага багаар арилсаар байгааг л харуулах гэсэн хэрэг. Магадгүй энэ нь орчин үeд "мөнгө" бидний амьдралд ямар том нөлөөтэй зүйл болчихоод байгаа, тэрийгээ, зайлшгүй хэрэгцээгээ дагаад хүн өөрөө хүн биш болдог болсоныг энэ кино яруу тодоор шүүмжилж байна. Дарга дарга гээд дарга юу хийх ёстой, даргын ёс журамаа мэдэхгүй хоосон толгойнууд ямар их байгааг, мөн ардчилал ардчилал гэчихээд Ардчилал гэж юу юм гэсэн асуултанд хариулж чадахгүй залуучууд гудамжаар дүүрэн байгааг маш сайн шүүмжилж байна. Жүжигчин Ялалт, киноны Манлайбаатарын дүр ардчилал гэж юу юм бэ ээжийнхээ өөдөөс ам зөрөх эрх чөлөө юу, хүн амьтныг доромжилж, доош нь хийх эрх чөлөө юу гэж эрүүлжүүлэхэд хэлж байгаа тэр план монголын кино урлагт үeээс үeд яригдах хэсэг болно гэж бодож байна.  Зөвхөн тэр 10 минутын хэсэгт 10 оноо өгөхөд хангалттай гэж хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд энэ бол цэвэр Comedy/Инээдмийн кино биш, Dark Comedy/Эмгэнэлт Инээдмийн кино гэдгийг ойлгоорой. Хүмүүс жанраа ойлгохгүйгээс болж, киног буруу хүлээлтээр үзэж, цаашлаад киног таалахгүй явдал байдаг юм шүү. Та Улаанбаатар хот, монголд амьдарч байгаа л бол инээдтэй бол инээдтэй, уйлмаар бол уйлмаар, толгойд тань нэгийг бодогдуулах, давс, хужир нь таарсан, ирээдүйд сонгодог бүтээл гэж явах "Бурхан өршөөг" киног заавал үзэх ёстой. Dark comedy/Эмгэнэлт инээдмийн кино гэдгийн "эмгэнэл" нь Цэлмэг үхэж байгаад уу, эсвэл өөр зүйлээс болж эмгэнэлт гэсэн тодорхойлолтыг өгөв үү, та нар сайн бодоорой.      Хөндлөнгийн Хүн. Киног хүн бүрийн хувьд өөр өөр өнцөгөөс хардаг болждээ. Жүжигчид кинонд дүрээ мөнхлөхийн тулд, Зарим нэг нь өөрийн намтараа кино болгохын тулд, зохиолч найруулагчидийн хувьд эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажил хийж. Нэг хэсэг нь улс төрийн зорилгоор, эсвэл бизнесийн зорилгоор гэм мэт янз бүрийн л өнцөгөөс киног хардаг болж. Энэ бүгд өнөөгийн хандлага. Энэ хандлага хүссэн хүсээгүй аажимаар өөрчлөгдөх л болно. Гэхдээ өнөө маргаашдаа лав биш бололтой. “Бурхан өршөөг” кино ч гэсэн Монголын өнөө цаг үеийг шүүмжилсэн кино.Зохиол нь яг л Цэнддоо, Баабар гуайн нийтлэл шиг л нийтэлийн хэмжээнд байлаа. Уул нь зохиол тал даа сайн ажилсан бол сайн кино болох байсан ч байх. Киноны жүжигчидын сонголтын хувьд бол сайн байлаа. Манлайбаатар, Цэлмэгийн эхнэр хоёр гол дүр Цэлмэгийг нилээн сайн тододгож өгсөн. Сүүлийн үеийн кинонууд дээр гардаг олны танил/дуучид, загвар өмсөгч/ хүмүүсийг биш мэргэжлийн жүжигчидийг тоглуулсан нь яах аргагүй мэдэгдэж байсан. Мөнхсайханы дүр харин дэндүү их жүжиглэлт орсон энэ дундаасаа хамгийн тааруу дүр нь юм уу даа. Бас жоохон ойлгомжгүй байв. Цацрал, Цацралын хүүхэд хоёрыг авч явж байхадаа унтуулчихаад. Тохиролцсон хүмүүстэйгээ виз,мөнгөөр солилцоод зодуулж байгаа юм. Албаар зодуулсан уу, эсвэл санамсаргүй зодуулсан уу бүү мэд. Албаар зодуулсан байлаа гэхэд тэр виз,мөнгийг яах гэж авч байгаан тодорхойгүй. Санамсаргүй зодуулсан гэж бодход сүүлд зодсон нөхөдүүдэд Сундуйг/сайд/ огцорхоор явахын хэлж байгаа нь ойлгомжгүй. Дүрийн албаар ч ингэж ойлгомжгүй болгосон байж магадгүй л юм. Сүүлдээ яасан нь ч мэдэгдэхгүй алга болсон. Киноны үйл явдал удаан темптэй, сунжируу санагдсан. Арай хурдан темптэй болвол зүгээр байсан болвуу. Энэ киноны онцолж хэлэхгүй байхын аргагүй нэг зүйл нь дуу нь байлаа. Эцсийн эцэст зохиолын хувьд шинэлэг зүйл ховорхон байгаа нь миний хувид энэ киног доош чирсэн боловуу. Би Чеховыг муулах нь хаашаа юм. Гэхдээ миний хувьд ардчилал эрх чөлөөг ойлгодог хүмүүс, ойлгодгүйгээсээ хамаагүй их байгаа гэж боддог. Бид ямар нийгэм байгуулж, юуны төлөө явж байгаа билээ тэрийгээ сайн л бодмоор юм. Магадгүй арав хорин жилийн дараа энэ киноны талаар бүгд мартчихсан ч байж магадгүй. Хүмүүс тэр үед киног арай өөр өнцөгөөс хардаг. Киног кино урлаг талруу нь илүү сонирхож үздэг болсон байх байлгүйдээ.    Ананда Эрдэнэбат. Энэхүү киноны трэйлэрийг л үзсэнээс биш, энд тэнд бичигдсэн нийтлэл уншилгүйгээр шууд киног нь үзэв ээ хө. Кино зохиолыг нь сэдэвлэсэн “Түшмэлийн үхэл” зохиолыг нь ч урьд нь уншиж байгаагүй юм. Киноны зохиол, үйл явдал, хийц ярьхаасаа өмнө эхлээд киноны хөгжим үнэхээр гоё байж чадсаныг хэлэх хэрэгтэй болов уу. Хөгжмийн зохиолчоор нь Negun хамтлагын Оки ажиллаж, түүний аянууд нь дэлгэцэнд гарч буй үйл явдалдаа тохирч, тодотгож чадаж байлаа. Киноны бүхий л жүжигчид дүрүүдээ маш тодоор илэрхийлж байсан бөгөөд жүжигчин Ялалтын бүтээсэн гуйлгачны дүр надад таалагдав. Жүжигчин Баярмагнайн бүтээсэн дүр болох Цэлмэг бол ардчилсан нийгэмд арчаагүй дорой байдлаасаа болж учраа олохгүй зовж байгаа нэгэн. Тэрээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд, өөрөөс дээд тушаалын хүмүүсийг бурхан мэт шүтэж, тэдний улыг долоох шахам байж өдөр хоногийг өнгөрөөнө. Цэлмэгийн найз нөхөд, хамаатан саданд баян эсвэл том албан тушаалтай хэн нэгэн байдаггүй учир тэр өөрийнхөө амьдралыг азгүйд тооцож гутарч явна. Толгойд нь эргэлдэх зорилго нь томхон шиг дарга болж мөнгөтэй болох. Энэ дүр нь өнөөгийн нийгэмд нэлээдгүй байдаг хоосон толгойтой албан тушаал хөөдөг болон хулчгар дорой хүмүүсийг төлөөлнө. Бас эх орноо гэх сэтгэлгүй зөвхөн мөнгө боддог, цаашлаад хүн барьцаалж шантаажлаж ч чадах хүмүүсийг кинонд тодоор харуулсан байсан. Киноны төрөл нь эмгэнэлт инээдмийн кино болохоороо хэдий инээлгэж байгаа ч цаагуураа давхар маш олон санааг үзэгчдэд өгч байлаа. Цаагуураа ч гэждээ, харин ч бүр ил тодоор “та нар шиг...” гэж байгаад л хэлсэн болохоор үзсэн л бол ойлгохоор байсан. Киноны үндсэн санаа нь ардчилсан нийгэмд хүн бүр эрх тэгш байж, дарга цэрэг хэн байх нь хамаагүй адилхан эрх эдэлнэ гэсэн байлаа. Мөн гол дүрийн залуу “хэрвээ тэр үед тэгчихсэн бол… эсвэл ингэчихсэн бол...” гэх өнгөрснийг эргэцүүлэх хэсэг нь надад их таалагдсан.............. ......... ................... ................. ................. ........................ ................... ................. ................. ............... Ямар ч байсан би энэ кинонд 10-с 8 гэсэн өгнө, мөн бусад хүмүүсийг ч гэсэн энэ киног үзээрэй гэж уриалмаар байна. Монгол кино урлаг хөгжиж байгааг та эндээс харах болно.    Ундармаа. Зиа анх трэйлэрийг нь үзээд миний сонирхох зүйл бол дүрүүд, тухайн кинонд ямар байдлаар юуг илэрхийлэх гээд байгаа нь байсан. Анхаарал татаж, юм илэрхийлж чадсан нь Цэлмэгийн эхнэр, гуйлгачин 2-ын дүрүүд байлаа. Гуйлгачин бол гол чигчлүүр, хатгаас, хамаг санааг илэрхийлэгч нь юм. Цэлмэгийн эхнэрийн дүрийг би бүр хамаатныхаа эгч байна гэж хүртэл бодсон. Яг л нэг живчихсэн нөхөр. хэхэ. Дүр сонголтууд бол давгүй байлаа. Аан бас энэ Батболд найруулагчийн кинонуудаас нийтлэг ажиглагддаг зүйл нь дүрүүдийн хэлж байгаа түлхүүр үгс, мөн арын хөгжмүүд. Шууд гол санаагаа илэрхийлэх үгс яваад байдаг. Би бол эх зохиолыг нь уншиж байгаагүй ээ. Байнга эрх чөлөө, эрх чөлөө, АРДЧИЛАЛ гээд байгаа нь азаарны ч юм уу санагдав. Арай далдуур явуулсан бол мань мэтийн хүмүүст илүү хүрэх байсан ч юм уу. За зохиол дээрээ тийм байдаг юм байлгүй дээ ямар уншсан ч биш. хэхэ. Хөгжим нь жаахан ихдээд байсан шүү.  Түрүүн тэр найруулагч нь миний бодож байсан зүйлийг хэлсэн. Угаасааа киног хөтөлж явж байгаа гол хүн нь Цэлмэгийн дүр байлаа. Тэр хүн тэнэг, мунхагаараа дууссан. Хамгийн гол нь өөрийнх нь тэр байдал нь ухааруулаагүй, өөрөө өөртөө зөв болоод л... Нэр шигээ цэлмэг байж чадсангүй дууссандаа тэр хүн. Хэтэрхий бүрхэг дунд байсан бололтой. За миний хувьд өгөх оноо 7/10. Тийм аймаар тасархай гоё моё бол биш зүгээр. Гэхдээ хэлэх гэж байгаа санаагаа хурцаар өгч чадаж байна аа гэдэг чинь энэ кино хийх ёстой зүйлээ хийчихжээ л гэсэн үг байх даа. Энгийн байж байж л хүнд хүрэх байлгүй дээ. Товчхон сэтгэгдэл гэвэл ийм. Гэхдээ миний хувьд киног үзээд бараг сарын дараа сэтгэгдлээ бичвэл их зүйтэй санагддаг. :) тийм удааширалтай хүн юм уу бүү мэд. Одоо бол яг үнэнийг хэлэхэд олигтой бичих юм олдохгүй л байна шүү. Өгүүллэгийг нь уншсан бол арай өөр зүйл бичих байсан байх.  Кино гэдэг талаас нь л харж бичлээ дээ.    Цэрэнням Баттогтох. Киноны хувьд шүүмжлэлтэй тал гэвэл зарим үзэгдэл дэмий байсан гэхүүдээ. Мөн зарим үзэгдэл хэтэрхий нуршаа санагдсан. Үндсэндээ кино таалагдсан. Өнөө үед тулгамдаж буй асуудлыг хөндсөн учираас хүмүүсд сайнаар нөлөөлж, ухааруулсан гэж бодож байна. Кино гол утга агуулга бол Ардчилал хаана байна?, Бидний эрх чөлөө үзэл бодол хаана байна гэсэн утга агуулгатай. Төмөрбаатар болон Ялалт нар ойлгуулах гээд байгаа хэсгүүдээ маш чадварлагаар сайн ойлгуулсан гэж бодож байна. Киноны үзэгдлийн хөгжимүүд болон үндсэн дуу маш ихээр таалагдсан. Миний зүгээс 7.9/10 оноо өглөө.   Tsedo Kh. 1. "Бурхан өршөөг" кино үзсэн сэтгэгдэл /шүүмж, тойм бол биш/  Юуны өмнө киноны зохиолч, найруулагч, уран бүтээлчдэд талархмаар байна. Одоо бидний энэ "Орчин үе"-ийн нийгэм ямар өрөвдөлтэй, ямар шудрага бус, ямар ухамсарын доройтол, мунхагийн балчиг намагт байгааг "инээд хүрэм" эмгэнэлтэйгээр харуулжээ.  Бид цөөхөн. Гэвч цөөхөн дотроо ялзарсан нь ямар их юм бэ? Улс төрийн энэ ялзрал нь дээд цэгтээ тулаад бидний амьдрал ямар сэтгэл эмзэглэм байдалтай болсныг массд хүргэж чадах бүх чадлаараа бүр нүүр лүү хашгирч хэлж байгааг харлаа. Тэнэглэлийг харж шоолж инээсээн. Инээлгэж байгаагаараа энэ бол инээмдийн кино мөн. Гэхдээ ингэж инээж байхдаа би өөрсдийн байгаа байдлаа харж шоолж байгаа өөрийгөө болон хүмүүсийг бодож үнэхээр гунигласан, харууссан. Би сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн. Гуниглаж харамссандаа нулимсаа бариж чадсангүй. Бид яагаад ийм болчихвоо?  Энд ямар нэгэн гэрэл өнгө будаг, план тавилт, хэтрүүлэг, нүүр хувиргалт хамаагүй. Энэ нүдээрээ биш сэтгэл зүрхээрээ, ухамсар, хүн сэрэхүйн мэлмийгээрээ үзэх кино болжээ.  Дууны сонголт маш сайн байсан. Сэтгэл эмзэглэм сэдэв хөндсөн ийм кинондоо ийм дуу тавьж над шиг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүнийг алж ч мэдэхээр болгож.  Үндэстний аюул гэж юу вэ? Газар нутагаа ухаж, гадаадад алдаж дууслаа гээд л олон хүмүүс хариулах байх. Мэдээж мөн. Харин үндэстнээрээ ухаан мулгуу, ухармсарын доройтолтой, богинохон бодолтой, арай гайгүй хэсэг нь ухаан бодлоо эх орныхоо төлөө бодол биш хар амиа хоохойлж, өчүүхэн өөрийгөө л баяжихад зориулж, шудрага хүмүүсээ улс төрөөс бохир хужаа аргаар ч хамаагүй зайлуулж байгаа тухай өгүүлэх кино. Ер нь бидний эргэн тойронд эрүүл хүн хэд байна вэ? Ойр дотны хүмүүсийн чинь хэд нь ходоодны, элэгний, уушигний гээд ямар нэгэн төрлийн хавдартай, хэд нь нойр булчирхай, элэг цөс муутай вэ? Та өөрөө ч эрүүл байж чадаж байна уу? Энэ бидний үед эрүүл бус байх нь хэвийн үзэгдэл юм уу? Яагаад ийм байдалтай болчихвоо?  Идэж уухаар нь дамжуулж эрүүл мэндээр нь хүйс тэмтрэх гэсэн бодлогонд хэнэггүй Монголчууд олон жилээр хордсоор байгаад бие муутай, удаан хөдөлгөөнтэй, залхуу, оюуны хөгжил нь доройтцон ч юм шиг.   Хүнсний аюулгүй байдал, улс төрийн өмхийрөл, хүмүүсийн оюуны эмгэнэлт хоосрол - Энэ кинонд Үндэстний аюулын тухай яригдаж байна.   2. "Бүүр өөлөх хэрэгтэй бол" гэх дэд хэсэг  Монголын киноны дийлэнх хувьд ажиглагддаг сонин теле зохиомж шиг зураг авалт, муу гэрэл, өргөн дэлгэцээр харахад хэцүүхэн нүүр хувиргалт /бов бор нүүр/, 100% өөрийн биш үг, нуршуу план гээд дутагдал байсан.  Гэхдээ найруулагч жүжигчний хоорондын нягт хамтран ажилласан ажиллагаа харагдаж байсан. Жүжигчний /Ялалт, Төмөрбаатар/ уран чадвараар найруулагчийн санаа, дүрийн хэлэх гэсэн өгүүлэмжийг маш сайн гаргаж байсан. Хэлж байгаа үг бүр нь өөрийнх нь бодлоос гарж байгаа мэт, сэтгэлд хүрж чадаж байсан. Үг, биеийн хэлэмж гээд л нэлээн хэд хэд дүүблдэж /:P/ байж найруулагчийн санаанд таарсан шилдэг план гарсан байхдаа гэж бодогдсон.  Өөлөх гэсэн дахиад л сайшаал болж хувираад байна. Ингээд төгсгөе. Энэ миний л бодол...

 

Sunday, December 4, 2011

"Үүрийн гэгээ" киноны тойм шүүмж

Twilight-saga-breaking-dawn-3
Стивен Мейр-ийн "Харуй бүрий" цуврал бүтээлийн "Үүрийн гэгээ" номыг Билл Кондон дэлгэцийн бүтээл болгон амилууллаа.Кино нийт 117 минут үргэлжлэх бөгөөд Тайлор Лютер /Жейкоб/, Роберт Паттенсон /Эдвард/, Кристен Стеварт /Белла/ нар гол дүрүүдийг бүтээсэн ба өмнөх цуврал ангиудын бүрэлдэхүүнээр тоглосон байна.
Кино Беллагийн хуримын урилгыг найз нөхөд,гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч буйгаар эхлэх бөгөөд Бразилийн Элис арал дээр бал сараа тэмдэглэж байсан Белла жирэмсэлсэнээр киноны өрнөл хэсэг эхлэнэ.Киноны хамгийн сонирхол татсан хэсэг бол Жэйкоб,Белла Эдвард хоёрын охин болох Рэнесмее-г "тамга"-лан сүй тавьж буй хэсэг байлаа.

"Үүрийн гэгээ" анги нь өмнөх цувралуудаа бодвол илүү харанхуй талдаа болсон нь үзэгчидийг "Харуй бүрий" киноны бодлыг өөрчилж чадсан.
Үзэгдэлүүдийг хооронд нь холбож байсан аянууд киног үнэхээр гайхалтай болгож байсан бөгөөд "Цөөвөр чоно","Сохор тал","Уншсаныхаа дараа шатаа" зэрэг киноны дууны найруулагчаар ажилласан Картер Бурвелл ажилласан нь киног амилуулж өгсөн бүтээлчидийн нэг байлаа.
Сүүлийн хэдэн жил 3D кино руу хошуурах болсонч "Үүрийн гэгээ" кино энэ байдлыг эвдэж чадсан цөөн кинонуудын нэг юм.Хуучин нь шинийгээ хүлээн зөвшөөрч,шинэ нь хуучнаа "сонгодог" нь хүний нийгэмд мэдээлэл,технологийн энэ зуунд сонгодог аргаар кино бүтээсэн үзэгчидэд илүү хүрсэн нь танхимд үзэж бйагаа хүмүүсийн сэтгэл хөдлөлөөс харж болох байлаа.

Бүх цувралуудын туршид үзэгчидийн хүлээж байсан зүйл бол Эдвэрд,Белла хоёр ер нь гэрлэхнэ үү үгүй юу,гэсэн асуултын хариултыг өгч чадсан боловч Белла жирэмсэн болсон нь гэнэтийн зүйл байлаа.Эсвэл өмнө нь хүн цус сорогч хоёроос хүүхэдтэй болдог кино үзэж байгаагүй болоод ч тэрүү.
Үзэгчидийг уйдаахгүй гэсэн бодолтойгоор хийсэн байх магадлалтай хөнгөхөн хошин үзэгдлүүд нь киног утгагүй бөгөөд хэсэг хоорондын өгүүлэмжийг алдагдуулж байлаа.Мөнтүүнчлэн киног баяжуулах гэсэн үзэгдлүүд нь киноны санааг хэсэгхэн хугацаанд алдагдуулсан санагдлаа.
Киног хэсэг болгон гаргах болсон нь телелвизийн олон ангит кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болж.Тухайн ангийн гол хэсгийг тайлбарлах гэсэн оролдого ч байж болно эсвэл ашиг харсан тал ч байж болох юм.Гэсэн хэдий ч үзэгчидийг нэг зүйл дээр хэт төвлөрүүлэх нь тухайн кинонд хандах хандлагыг бууруулдаг мэт санагдах юм.

"Үүрийн гэгээ" хэсэг 2 дээр гарах цус сорогчидийн зөвлөлтэй хийх тулаан хэрхэн өрнөх бол гэсэн бодол "Үүрийн гэгээ" хэсэг 1 нь дууссанаас хойш өөр өөрөөр таамаглан дэвшүүлэн бодож байна.2012 оны 11 сар хүртэл хэрхэхийг хүлээх л үлдлээ.
Хайрлаж хамгаалдаг зүйлийнхээ төлөө хэрхэн зүтгэдэгийг хүн,цус сорогч,хүн чоно гэсэн гурван төрөлтөнөөр сайн харуулж өгсөн байлаа."Үүрийн гэгээ" цувралд хэдий өөрөө үхэх байсанч хүүхдийнхээ төлөө байж чадах эх хүний сэтгэлийг сайн илэрхийлсэн байлаа.

"Кино хүнийг бий болгодоггүй,Кино хүний хөгжүүлдэг"

Кино тойм нь  Монголын Кино Сонирхогч, Шүүмжлэгчдийн холбоо -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.

Монголын Кино сонирхогч, шүүмжлэгчдийн холбоо (2011)

Monday, November 28, 2011

Кино сонирхогчдын блог Монгол блогчид 2011 -т өрсөлдөж байна

Кино сонирхогчдийн "Кино шүүмж, тойм" бичдэг залуусын блог маань энэ жилийн шилдэг  Энтертайнмэнт блог болхоор өрсөлдөж байна хэрвээ та дуртай блогоо энэ жилийн шилдэг блог болгомоор байвал Монгол блогчид сайтаар орж дэмжээрэй.

Infograph

Tuesday, November 22, 2011

“Учиртай гурав” УСК-ны тойм шүүмж /2-р баг/

75 минут үргэлжлэх "Учиртай гурав" кинонд О.Амгаланбаатар /Хангай ба Юндэн/,Б.Сайнаа /Учрал ба Нансалмаа/,З.Онон /Хоролмаа ба Намуунаа /,Д.Баттөмөр /Балган ба Баяраа / нар гол дүрүүдийг бүтээж,найруулагчаар Д.Золбаяр ажилласан бол зураг авалт Улаанбаатар хот болон Архангай аймагт болсон байна.
Хангайгийн бичсэн тулааны сэдэвтэй кино зохиол Баяраагийн аавын сэтгэлд хүрдэггүй бөгөөд сэтгэлээр унасан хоёрт Баяраагийн аавтай хамт ажилладаг хүн урамын үг хэлсэнээр кино эхэлнэ.Ийнхүү шинэ санааны эрэлд оюун санаа нь тэнэж байх Хангайг багын найз болох Намуунаа нь дуурь үзэхийг санал болгоно.Хангай Намуунаагийн саналыг зөвшөөрч дуурь үзэхээр явж байхдаа Учралтай тааралдсанаар киноны өрнөл хэсэг эхэлдэг.

Кинон дээр гарч буй эд зүйлүүд тухай бүрийн үзэгдлүүдийг чимж байснаас гадна орчинтойгоо харьцсан байдал нь киног шинэ түвшинд авчирсан.Батаа /Д.Баттөмөр/ киног амилуулж чадсан ба түүний Баяраагийн дүр нь үзэгчидийг сэргээж өгч байсан бол Юндэнгийн дүр нь догшин төрхийг гаргаж хүний сэтгэл хөдлөлийг үнэхээр сайн илэрхийлж чадсан байлаа.Батаагийн тоглосон дүр бүхэн үзэгчидэд сайн хүрдэгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.XX зууны эхэн үеийг харуулсан үзэгдлүүд үзэгчидийг яг л тэр үед байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр орчинг сайн бүрдүүлсэнээс гадна зураг авалтууд нь киног улам бүр утга төгөлдөр болгож өгсөн байлаа.Цэцэгсийн талд уулзах Юндэн Хоролмаа хоёр,нарны гялбаанд цацрах усан оргилуурын дэргэд муудалцах Намуунаа Учрал хоёр гэх мэтчилэн дурдах хэсгүүд болон байсан.Кинонд онцолж хэлэх бас нэгэн чухал зүйл бол киноны дуу байлаа.Шинээр төрөн гарсан боловч бүтээл туурвихгүй байна хэмээн шүүмжлэл хүртээд байсан Anemone киноны дууг дуулсан ба дууных нь ая кинон дундуур явахдаа үзэгдэл бүртээ сайн зохицож байлаа.


О.Амгаланбаатар,Б.Сайнаа хоёрын жүжиглэлт хиймэл байснаас гадна хувцаслалт нь амьгүй болгож байлаа.Хэдий зун ч гэсэн даашинзнаас үл салах Учралын хувцаслалт орчиндоо нэг л хөндий харагдаж байв.Хангай Учрал хоёрын Намуунаагаас зугтдаг хэсэгт шиврээ борооноос дайжин гүйж буйгаар харуулусан бол илүү өвөрмөц болох байсан болов уу.Үзэгдэл хоорондын шилжилтийн үед аяны зохицол бага зэрэг зөрж байснаас зарим хэсэгт үзэгчидийн анхаарлыг сарниулж байлаа.Хасалт хийсэн болов уу,гэсэн сэтгэгдэл төрүүлэх огцом үсрэлттэй хэсэг байсан нь киноны утгыг цаг хугацааны хувьд бага зэрэг алдагдуулсан болно.

Гол дүрүүдийн нэр үргэлжийн баяр хөөр дүүрэн сэтгэл өөдрөг нэгэн болох Баяраа,аглаг уулсын модны сэрчигнээн сонсдох Хангай,зүрхний үгээ гаргаж чаддаггүй даруу дөлгөөн Намуунаа,санаандгүй танилцсан учирсан Учрал гэсэн санааг илэрхийлэх мэт.
Хажууханд нь байгаа боловч алсаас амьдрал хайдаг,хүмүүний түгээмэл нэгэн занг Хангайгийн дүрээр гаргасан бөгөөд нийгэмд тохиолдох амьдралын даваа,хайрынх нь түүхээр харуулж чадсан байлаа.Мөнтүүнчлэн өнөөгийн хүмүүсийн урсгал мэт амьдралыг харуулахыг зорьсон ч ажиглагдаж байлаа.
"Амьдралыг туулсан туршлагаараа биш,амьдралаас мэдэрсэн мэдрэмжээрээ бичих хэрэгтэй" гэсэн хоёр мөрт үг сэтгэлд хоногшсон гайхалтай үг байлаа.Өөрийн мэдэрсэн бүхнээ,эргэцүүлэн тунгааж цаасан дээр буулган бусдын сэтгэлийг хөдөлгөнө гэдэг зохиолч хүний гайхамшиг.

"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг"